Толбо сумын товч түүх.

1924 онд хуралдсан МАХН-ын 3 дугаар их хурлаас орон нутгийн засаг захиргааны нэгжийг байгуулах шийдвэрээр 1929 онд Ботагара, Шубарайгар гэсэн хоёр хошуун байгуулагдаж байжээ. Тухайн үед хүмүүсийн боловсролын түвшин доогуур, хошууны удирдлага төлөвшөөгүйгээс зөвхөн 80 лан мөнгөн тамгыг Ботагара хошууны дарга Б.Ахтышхан, Шубарайгар хошууны дарга Үмбет нар эзэмшин захирч байсан байна. Толбонуур сум гэж анх байгуулагджээ. Тухайн сумд 

Орон нутгийн засаг захиргааны нэгж өөрчлөгдөж Ботахара, Шыбарайгыр сумд нэгдсэнээр 1938 оны 8 дугаар сарын 28-нд 1000-аад айл өрхтэй Капан төбе хэмээх газарт Толбонуур хэмээх цэнгэг устай том сайхан нуур оршдогийн хувьд нуурын нэрээр Толбо сум байгуулагджээ. Сум анх байгуулагдахад засаг захиргааны ажлыг 12 багаар дамжуулан үйл ажиллагаагаа эхэлсэн байна.1940 онд одоогийн сумын төвд шилжиж иржээ. 

Толбо сумын зүүн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Алтай, Буянт, Дэлүүн зэрэг сумдтай хиллэдэг Сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1620 км, аймгийн төвөөс 77 км, нутаг дэвсгэрийн нийт талбай 297469 га ба далайн түвшнээс дээш 2100-4000 м өндөрт оршдог. 

Сайрын уул 2415 м өндөрт оршдог. Сумын хэмжээний өвөл хавар ашиглах бэлчээр 168402,4 га, зун, намар ашиглах бэлчээр 112268,3 га, ашиглах боломж багатай хад, асгатай мал аж ахуйд тааламжгүй бэлчээр 1308 га, хадлангийн талбай 340 га , хөдөө аж ахуйн барилга байгууламж, зоо-мал эмнэлгийн талбай 40 га, сумын төв 280 га, өндөр хүчдэл, холбооны шугамын эзлэх талбай 75.8 га, радио релейн шугам 56,5 га, засмал зам 108 га, сайжруулсан шороон зам 218 га, энгийн зам, харгуй 1051 га, 68 га-г ой бүхий газар, 12542 га-г гол, цөөрөм, нуур, булаг шанд, уулын орой дох мөсөн бүрхүүл эзэлдэг. Тус сумын нутаг нь Монгол Алтайн нурууны говь хээрийн бүсэд багтдаг, мөнх цастай, өндөр уул, хадтай, шовх сарьдаг ихтэй. Сумын нутаг дэвсгэрт хур тунадас маш бага ордог, эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны дундаж температур +18 +20, өвлийн дундаж температур -18-19,80, салхины хурд дунджаар 4,8 м/сек байдаг. Тус сумд Толбонуур, Тал нуур, Дөрөөнуур, Хар нуур, Хонгорөлөнгийн нуур зэрэг олон сайхан нууртай. Зарим газарт царгас, тошлой зэрэг бутлаг ургамал, нутгийн нэлэхүйд хэсгээр хонин агь, хөмүүл, таана, хиаг, өлөн ерхөг, биелэг өвс, ортууз, хялгана зэрэг өвс ургамал ургадаг. Янгир, аргаль угалз, үнэг, шилүүс, ирвэс, хярс, өмхий хүрэм, тарвага, зурам зэрэг ан амьтад, бүргэд, ёл, хар хэрээ, тас, ятуу, бор болжмор, шар шувуу, хойлог, хун, галуу, нугас, тогоруу зэрэг төрөл бүрийн шувуутай.

Бургаст, Борт, Көк адыр зэрэг газар эрдэс баялгийн нөөц ихтэй. Одоогоор ашиглагдаж байгаа ашигт малтмалын газар үгүй боловч мөнгө, нүүрс, зэс, гялтгануур зэрэг зарим баялагууд шинжлэгдэж, нөөц нь тогтоогдсон байна. 2014 оны байдлаар 6 баг, 948 өрх, 4200 хүн амтай, 110576 толгой малтай байна. Одоо ахлах сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв зэрэг төсөвт байгууллага, ХААН банк, Холбооны газар, үйлчилгээний байгууллага, 17 аж ахуйн нэгж байгууллага, 24 орчим худалдааны төв үйл ажиллагаа явуулж байна. Сумын төвд 2008 оноос өндөр хүчдэл болон үүрэн телефоны сүлжээ ашиглалтанд орж, хот хооронд болон дэлхийн аль ч улс оронтой харилцах боломж бурдсэн. Тус сумын нутагт оршдог Толбо нуур нь Баруун Монгол дахь томоохон нууруудын нэг бөгөөд 21.2 км урт, 6.7 км өргөн, гун нь дунджаар 12,7 м, нийт 182 км2 талбайтай. Цэнгэг устай бөгөөд Сагсай голд цутгана. Судлаачдын тодорхойлсноор жилд 80 тн хүртэл осман (шар загас), хайрус загас ол борлох агнуурын нөөцтэй.

Сумын хувийн аж ахуйтныг хөдөө аж ахуйд хамруулах хөдөлгөөн өрнөж 1955 онб 7-р сарын 15-ны өдөр 25 өрх, 81 гишүүн 3967 толгой малтайгаар Улаантуг нэгдэл байгуулагджээ. Тус нэгдлийг Улаантуг нэгдэл гэж нэрлэсний гол үндэслэл бол 1921 онд монголын баруун хязгаарт цагаантны оргодол Бакич, Кайгарадов, Казенцевийн цэргүүд улаан армийнхныг бүсэлж, бүслэлтэнд 41 хоног байгаад цагаантны цэргийг бут цохиж, анхны ялалтын улаан туг мандсан нутаг гэж үзээд ийнхүү нэрлэсэн байна. Ингэж байгуулагдсан Улаантуг нэгдэл аж ахуйн дотоод тооцоогоор ажиллаж, мал сүргээ өсгөн, нэгжээс авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлсэнээр нэгдлийн орлого нэмэгдэж улсад 1,2,3 байранд шалгаран 2 удаа газ-53 автомашинаар шагнагдаж байсан байна. 1990-ээд оны үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөр мал малчдад шилжиж, Улаантуг нэгдэл тарсан байна. 

Тус сумаас хөдөлмөрийн олон сайчууд төрөн гарсан. Тус аймгаас хоёр дахь удаа Ж.Серикбай гуай хөдөлмөрийн баатар малчнаар тодорсон. Аж үйлдвэрийн салбарт М.Охабыл, Залел зэрэг хөдөлмөрийн баатар уурхайчид төрсөн. Т.Дөрвөдхан, А.Мекей, К.Кану, Ж.Еркетай, У.Маулит, А.Базар зэрэг эрдэмтэд төрөн гарсан. Ардын жүжигчин А.Монголхан, Гавьяат жүжигчин Т.Дүйсемби, гавьяат багш Амантай зэрэг алдар цуутнууд энэ сумын уугуул юм.

Толбо сумын эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Малын тоо толгой өссөн. Малчдын нийгмийн асуудал сайжирсан байна. Түүний нэг илрэл бол 2014 оны байдлаар 605 малчин өрх нарны эрчим хүчээр хангагдсан, 265 өрх цахилгааны байнгын эх үүсвэртэй болсон, малчдаас 446 өрх радиотой, 433 өрх телевизортой, 392 өрх оёдлын машинтай, 902 өрх 2-3 ээлжийн малын хашаатай болжээ. 276 өрх автомашинтай, 213 өрх мотоциклтэй болж, 900-аад өрх гар утасны сүлжээнд холбогдсон байна.

Тус сумд улаан тоосгоны үйлдвэр нэг, эсгий, эсгийн бүтээгдэхүүний үйлдвэр хоёр, гэрийн эмэгтэйчүүдийн гар урлалын цех нэг ажиллаж орон нутгийн болон аймаг, бусад сумдын хэрэгцээг ханган ажиллаж байна.

 

2017-04-08
Толбо сум

Толбо сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС