
Түүхэн замнал
Нэгдэл байгуулагдсан нь. Анх 1955 оны 7 дугаар сарын 15-нд А.Шатына, С.Хосылбай, Т.Төлеубай, С.Нурмухамбет, С.Хавдрашит нар үүсгэл санаачилгаар нэгдэл байгуулах тухай хэлэлцэн тохирч, 30 өрх, 80 гишүүнтэй “Кызыл хия” нэртэй нэгдэл байгуулж, анхны даргаар С.Хосылбай , нягтлан бодогчоор С.Рашид нар ажиллаж байв.1962 оноос “Улаан туг” нэртэй болжээ. Тус нэгдлээс Хөдөлмөрийн баатар Ж.Серикбай, аймгийн улсын аварга малчид олноор төржээ.1991 оноос Монгол улсын зах зээлийн эдийн засагт шилжсэнээр тус нэгдэл хэд хэдэн хувьцаат компани болж өөрчилөгдөн, мал нь хувьчлагдсан байна.
Боловсрол, соёлын байгууллагууд. Хувьсгалаас өмнө Шыбарайгар овгийн Сейсенбай молла 30 хүүхдийг элсүүлэн, Казахстаны нэрт соён гэгээрүүлэгч А.Байтурсыновын зохион бүтээсэн араб цагаан толгойг хэрэглэж бичиг үсэг зааж а байжээ. Хувьсгаын дараахь жилүүдэд газар бүр монгол бичигт суралцах дугуйлан олноор байгуулагдаж, 1920-1930 оноос ард иргэд монгол бичигт суралцаж эхэлсэн байна. 1928 онд “Чандмань уул” аймгаас Сандаг, Галсан, Халтар, Т.Үмбет, мөн Шеруши овгийн ахлагч нарын оролцоотой одоогийн Улаанхус сумын “Кара хабах” хэмээх газар 25 сурагчтай анхны казах сургууль нээгджээ. Энэ сургуульд Толбо сумаас 5 хүүхэд очиж суралцсаны дотор сүүлд Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн болсон Оразбай, анхны багш Кабди, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн анхны эмэгтэй А.Тоня нар байв.
1931 онд “Көктөбе” хэмээх газарт 30 сурагчтай сургууль багуулагдсан ба анхны багшаар нь Казахстанаас ирсэн Б.Жолтаев ажиллажээ. 1933 онд тус сургууль одоогийн Капан төбе гэдэг газарт, 1935-1936 онд Буратын аман дахь Улсын худалдааны дэргэд байрлаж, 1937 онд дахин Мандыбек толгойд нүүж байрлан, 3 анги, 90 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа эхэлж, Казахстаны мэргэжилтэн О.Иманалин, гэр бүлийн хүн Айнурын хамт багшилж байв.1947-1948 онд урианхай хүүхдүүдэд зориулж тусгай анги нээсэн байна.1970-1971 онд 8 жилийн сургууль, 1990-1991 онд 10 жилийн сургуулийн статустай болж,2006 оноос 11 жилийн сургуулийн системд шилжсэн байна. Тус сургууль 2002 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Серикбайн нэрэмжит болжээ. Одоогийн байдлаар тус сургууль 40 багш, 800 сурагч, 39 техникийн ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.
1969 онд нэгдлийн хөрөнгөөр 20 хүүхэдтэй цэцэрлэг байгуулагдаж, анхны эрхлэгч-багшаар Т.Шома ажиллаж байв. 1973-1974 оноос улсын төсвөөр ажиллах болжээ. Одоо тус цэцэрлэг 3 анги бүлэг, 12 багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.
1938 онд уран сайханч Т.Дүйсенби, Б.Сайпилмулик, Б.Хамбар нар Ховдын Соёлын сургуульд элссэнээр тус сумын соёл урлагийн эх тавигджээ. Дараа нь энэ хүмүүс аймгийн анхны клубийг байгуулахад хүчин зүтгэсэн түүхтэй. Толбо суманд анхны Улаан гэр 1941 онд байгуулагдаж, эрхлэгчээр нь Жекей ажилласан байна. 1930 оноос патефон, дуугүй кино, 1940 оноос дуутай кион гарч эхэлжээ. 1951 оноос нүүдлийн киноны үйлчилгээ бий болжээ. Тус байгууллага 1941-1945 онд Улаан гэр, 1945-1974 онд Улаан булан, 1974-1994 оноос Клуб, 1994 оноос Соёлын төв нэртэй ажиллаж иржээ. 1960 онд 100 суудалтай Улаан булан ашиглалтанд орсон ба 1979 онд 250 хүний суудалтай Соёлын төв болон өргөжжээ. Тайзны урлаг 1970-1990 онуудад эрчимтэй хөгжсөн байна.
Эрүүл мэндийн байгууллага. 1973 онд 6 ортой эмнэлэг Алтайхан хошууны харьяанд ажиллаж эхэлжээ. 1938 онд шинжлэх ухааны эмнэлгийн анхны суурь тус суманд тавигдаж, Улаанбаатараас ирсэн эмч Рэнцэн, сувилагч Казипа нар нэг эсгий гэр, 2 ортой эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Дараа нь К.Мубарак, Ж.Алимхан нар ажиллаж байв. 1947 онд эмнэлэг 5 ортой болж өргржин, 2003 оноос 15 ортой, 2 давхар барилгатай орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдож, хөнгөн мэс заслыг суманд хийх болжээ.
Мал эмнэлэг 1938 онд байгуулагдаж, боловсон хүчин дутагдалтай байсан учир сум дундын малын эмч Балжинням, К.Абайхан, И.Онашыбай нар ажиллажээ. 1938-1994 он хүртэл бага эмчийн салбар, 1989 оноос лабораторийн шинжилгээ хийх хэмжээнд өргөжиж, улмаар 1999 онд хувьчлагдсан байна.
Худалдаа. Судлаачдын үзсэнээр 1800-аад оны үед Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Оросын худалдааны цэгүүд Өлгий, Ахбалшых, Сагсай, Толбо зэрэг газруудад ажиллаж байв. Мөн хувьсгалаас өмнө Нарийн гол хэмээх газар Оросын худалдаан хийж байсан байгууламжийн сууррь одоо хүртэл хадгалагдаж байдаг юм. Тус суманд анхны худалдааны байгууллага 1931 онд “Көктөбе” хэмээх газар 4 гишүүн, 25 төгрөгийн дундын сантай “Эд хэрэглэгчдын хоршоо” нэртэй байгуулагдаж орон нутгийн иргэдээс Жаманхара гэдэг хүн малын түүхий эд авч, Ховд аймагт аваачиж борлуулан, иргэдийг өдөр тутмын хэрэгцээтэй бараагаар хангаж байв. Энэ үед хятад, орос худалдаачид ирж наймаа хийдэг байжээ. Тэр нь 1959 оноос Худалдаа бэлтгэлийн анги нэртэй улсын худалдааны газар болжээ. 1992 онд худалдааны салбар “Жолсай” нэртэй компани болж, 1997 онд компанийн гишүүд хувьцаагаа авч тарсан байна.
Харилцаа, холбоо. Хувьсгалаас өмнө 20-30 км газар морин өртөө ажиллаж байв. 1915 онд Ховд-Хос-Агашийн хооронд 400 км телефон утасны шугам ашиглалтанд рож, Улаанбаатартай холбогдох боломж бүрджээ. 1920 онд энэ шугамыг цагаантнууд тасалж, 1931 онд дахин засаж ашиглалтанд оруулжээ. 1926 оноос утасан холбоо Өлгийгээс Ховд, Завхан, Архангайаар дамжин Улаанбаатарт хүрч байв. 1933 онд Цагааннуур-Ховдын холбоо фонофорын тусламжаар холбогдож, 1939 онд дээр дурдсан шугамуудын ачаар энгийн харилцааны аппараттай болжээ. 1960 оноос “ТУПЕО-100” аппараттай болж, багийн төвүүд холбогдов.1980 оноос сумын төвд РЦТ станци, 1978 оноос ИНТЕЛСАТ станци байгуулагдаж, телевизийн суваг үзэх боломжтой болжээ. 2003 оноос Казахстаны телевизийн суваг үзэх болов. 1990-ээд он хүртэл Өлгий-Толбо-Дэлүүн чиглэлээр “АН-2” онгоц нислэг хийж, шуудан, зорчигч тээвэрлэж байлаа. 2008 оноос гар утастай болж, сансрын холбоог ашиглан олон сувгийн телевиз үзэх боломж бүрдсэн байна.
Банк. Банкны салбар 1961 оноос 3 хүний орон тоотой ажиллаж эхэлжээ. 1991 оноос ХААН банкны салбар байгуулагдаж, эрхлэгчээр нь Т.Улыхпан, ня-бо эдийн засагчаар тус сумын одоогийн засаг дарга К.Саулеш ажиллаж байв. Сүүлийн жилүүдэд “Монгол шуудан”, “Капитрон”, “Зоос” зэрэг хэд хэдэн банкны салбар шинээр нээгджээ.
Шашин. 1908-1925 онд Толбоос Дүзбен, А.Сайыр, С.Лайых, Ү.Ахыт зэрэг мөргөлчид одоогийн Саудын Арабын Меккад очин мөргөл үйлдэж ирсэн түүхтэй. Мусулман шашны ариун ёс горим, сургаалын дэвшилттэй талуудыг Ү.Ахыт хажы, Сейсенбай хажы, Тирнекей хажы нар залуу үе, шавь нартаа сургаж, шинэ араб үсэг зааж, тухайн үедээ соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж байв. Гэвч 1937-1938 оны хэлмэгдүүлэлтийн үед тус сумаас 62 хоёр сүсэгтэн лам хэлмэгдсэн байна. 1940-өөд оны дунд үед Өлгийд баригдсан мусулман шашны сүмд Толбо сумын уугуул Т.Нажикеш, Х.Хасен, Т.Саду нар ажиллаж байжээ. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ачаар тус суманд 1990 онд Мусулман шашны нийгмэлэг байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Б.Ахбай ажиллажээ. Дараа нь К.Сайран хажын санаачлага тусламжаар Саудын Арабын шашны мөргөлчдын болон Мешитийн хөрөнгө, орон нутгийн иргэдийн санхүүгийн тус дэмжлэгээр 1993 онд шинэ мешит байгуулагдаж, тэргүүнээр нь Ж.Шарив ажиллах болжээ.Мешит байгуулагдаж, шашин дахин сэргэснээс хойш тус сумаас 17 хүн Саудын Арабт очиж мөргөл үйлдэж,хажы хэргэм хүртжээ.